2012-05-09
Эцэг эхэд өгөх зөвлөгөө
Эцэг эхийн хувьд хүүхэд гэдэг их чухал хүн гэдгийг тэд бага наснаасаа мэдэрч өсөх нь цаашдын хүн болж төлөвших үйл явцад зүйрлэшгүй ач холбогдолтой болохыг бид хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.
Хүүхдээ зөв хайрлана гэдгийг та юу гэж ойлгодог вэ? Хэрэв хүүхэд дуулгавартай томоотой, аав ээжийнхээ үгээр байж, тэдний дэргэдээс холдохгүй л байвал магтаж, тэднийг хайрлах ёстой гэсэн уламжлалт үзэл бодлоосоо арай өөрөөр ойлгож үзсэн үү? Хүүхдийг өөрийнх нь байгаагаар хүлээн авч хайрлах хэрэгтэй. Хэдийгээр тэд алдаатай зүйл хийсэн ч түүнээсээ суралцаж амьдралын туршлагатай болдог юм шүү.
Хүүхдэд хайртайгаа хэрхэн илэрхийлэх вэ?
Та хүүхдээ “айлын хүүхдүүд их сайн байх юм, чи тэдэнтэй адилхан байж яагаад болдоггүй юм бэ?” гэх мэтээр зэмлэдэг бол ингэхгүй байхыг хичээгээрэй. Хүүхэд тань дахин давтагдахгүй нэгэн бие хүн гэдгийг бодолцоорой. Тэд хэн нэгийг дуурайх биш өөрийнхөөрөө байхыг нь үргэлж дэмжиж байгаарай.
Хүүхэдтэй хамт ихэнхи цагийг өнгөрүүлж, тэднийг сонсож, урам хайрла, магт инээмсэглээрэй.
Бага боловч ахиц, дэвшил, амжилтыг нь дурдаж урамшуулаарай.
Хүүхэд хэр хэмжээнээсээ хэтэрсэн тус хүргэх гэж хичээж байвал “чи чадахгүй” гэж битгий хэлээрэй. Тусалж байгаад нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хамт хийж дуусгаарай.
Алдаа хийнэ гэдэг ердийн зүйл учраас та бухимдах хэрэггүй, харин алдаа хийснээр ямар шинэ зүйл мэдэж авсан талаар ярилцаарай. Хамгийн чухал нь хийсэн алдаагаа дахин давтахгүй байх нь ухаалаг хүн гэдгээ харуулж байгаа хэрэг гэдгийг ойлгуулаарай.
Таны хүүхдэд ямар нэгэн давуу тал байгаа, түүнийг нь олж харж урамшуулаарай.
Аливаа асуудлыг хамтран шийдвэрлэж, энэ ажлыг хийхэд чиний тус дэм их байсан шүү гэдгийг дурдаарай.
Хүүхдийг шүүмжилж дүгнэхийн оронд харилцан ярилцаж, ойлголцох арга замыг эрж ол. Таны яриа хүүхдээ чиглүүлэх үүрэгтэй байх ёстойг үргэлж санаарай.
Хүүхэдтэйгээ байнга ярилцаж, тэднийг сонсож, сайн харилцаатай байхыг цаг үргэлж хичээх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээс хэтэрхий их зүйлийг хүсэн хүлээж богино хугацаанд ямар нэгэн үр дүн харахыг хүсдэг бөгөөд энэ нь хүүхдэд дарамт болдгийг санах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж, тэднийг сайн хүн болгохын тулд ингэдэг гэж ойлгодог боловч энэ нь тэдний хэвьд хэт их дарамт болдог ба та хүүхдээ ямар нэгэн хэмжүүрээр хэмжихгүй байж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бууруулахгүй байхыг хичээгээрэй
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 72 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|